Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗГХК-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН ЦАХИМ ХУРАЛДААН БОЛОВ

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗГХК-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН ЦАХИМ ХУРАЛДААН БОЛОВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын ажлын хэсгийн цахим уулзалт 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. Монгол, Казахстаны ЗГХК-ын 8 дугаар хуралдааныг 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохирсон байсан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшлогдоод байгаа билээ.

Цахим хуралдааныг монголын талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, казахстаны талаас Худалдаа, интеграцийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал К.К.Олжабаев нар ахлав. Хуралдаанд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Элчин сайд Л.Баттулга, БНКазУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ж.Адылбаев, мөн манай ЗТХЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, “Эрдэнэс алт” компани зэрэг холбогдох байгууллагуудаас төлөөлөл оролцов.

Хуралдааны эхэнд АНДОГ-ын захирал Э.Сарантогос Монгол, Казахстаны ЗГХК-ын монголын хэсгийн дарга, ХНХ-ын сайд С.Чинзориг цахим хуралдаанд оролцогсдод амжилт хүссэнийг казахстаны талд уламжлав. Мөн Казахстаны Худалдаа, интеграцийн дэд сайд К.Торебаев цахим уулзалтад оролцогсдод хандаж мэндчилгээ дэвшүүлэв.

Талууд Монгол, Казахстаны ЗГХК-ын 7 дугаар хуралдааны үеэр тохиролцсон ажлууд амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэж, цаашид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКазУ-д хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлууд, нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар ярилцав. Энэ хүрээнд цуврал цахим уулзалтуудыг холбогдох салбар яамд хооронд зохион байгуулахаар тохиров.

Казахстаны тал хоёр улсын худалдааны өсөлтийг дэмжих зорилгоор манай улсад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний жагсаалтыг тодорхой саналуудын хамт ирүүлэхээ мэдэгдэв. Талууд ойрын үед Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2021-2024 онд эрчимжүүлэх замын зураглал байгуулахаар тохиролцов.

Монгол, Казахстаны ЗГХК-ын 8 дугаар хуралдааныг цар тахал намжиж, үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжихоор зохион байгуулахаар мөн ярилцав.