Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 5 дугаар сарын 12-нд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа болон цаг үеийн бусад асуудал, түүний дотор “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар санал, мэдээлэл солилцов.
Элчин сайд К.Ивкоф шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнд хүрч, цар тахлын тархалтыг хязгаарлаж буй цөөхөн орны нэг болж байгааг тэмдэглээд, нөхцөл байдалтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар асууж сонирхов.
Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбогдуулан авч буй арга хэмжээний талаар тайлбарлаж, улс орны эдийн засгийг сэргээх, ялангуяа гадаад худалдааг саадгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлов.
Сайд нар нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улс аль ч цаг үед бие биеэ дэмжин нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ. Канад Улс нь “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармалтыг дэмжиж 850 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон билээ.