Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар шинэ коронавируст цар тахлын нөхцөл хүндэрч, улс орнууд хилээ хааж, хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж байгаа хэдий ч хязгаарлагдмал нөөц боломжоос хамааран нутаг буцах хүсэлтэй иргэн бүрийг эх оронд нь авчрах боломжгүй байгааг дурдав.
Эх орондоо ирэх боломжгүй болсон Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байгаа тул Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд нэн тэргүүнд тусламж шаардлагатай зорилтот бүлгийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг тавив.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс дээрх чиглэлээр манай улсын Засгийн газартай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлсэн болно.