Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан Бүсийн захирал Мартин Райзер болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр шинээр томилогдоод буй Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

1990 оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж эхлэх үеэс улс орнууд, дэлхийн хамтын нийгэмлэг Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлж ирснийг дурдаад үүнд Дэлхийн Банк группийн үүрэг оролцоо чухал байр суурь эзэлж байсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцоллоо. Тухайн үед манай улсын ДНБ 3 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 12 тэрбумд хүрч хөгжиж чадсан байна.

Гадаад харилцааны сайд мөн Дэлхийн Банктай дэд бүтцийн хөгжил, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, чанар стандартыг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

Бүсийн захирал Мартин Рейзер Дэлхийн Банкаас Монгол Улстай хөгжүүлж ирсэн бат бэх, амжилттай түншлэлээ улам урагшлуулан хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд санхүүжилт, хүний нөөцийн дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарах болно гэв.