Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД М.П.СИНГХ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД М.П.СИНГХ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны  3 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс түүх, соёлын олон мянган жилийн харилцаатай Энэтхэг Улсыг “оюун санааны хөрш” бөгөөд гуравдагч хөршөө хэмээн үздэгийг тэмдэглээд цаашид хоёр орны дээд, өндөр түвшний яриа хэлцээг улам үргэлжлүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг тэлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл цаашид Монгол, Энэтхэгийн хооронд хэрэгжүүлэх олон чухал стратегийн төслийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд М.П.Сингх уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Свараж-ын захидлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт гардуулж, Энэтхэг, Монголын хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, дараагийн шатанд гаргахын төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн Элчин сайд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах төсөл болон Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах зэрэг асуудалд түлхүү анхаарал хандуулж ажиллана гэдгээ онцлов.

Түүнчлэн уулзалтын үеэр талууд эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд М.П.Сингх энэ оны 2 дугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа ороод байна.