Москва хотын “Кварта” уран зургийн галерейд 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр болсон дуудлага худалдаан дээр анх олны хүртээл болсон ЗСБНХУ-ын /хуучнаар/ нэрт зураач В.А.Коноваловын зурсан Москва хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны төв байрны гол танхимын таазны зурвас зургийн эх хувийг Монгол Улсын ГХЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаагийн дэмжлэг, оролцоотойгоор худалдан авч ГХЯ-ны түүхийн сан хөмрөгт хүргүүлэхээр хүлээн авлаа.
ЭСЯ-ны төв байрыг 1956 онд худалдан авч засварлах үед гол танхимын таазыг энэхүү эх зургийн дагуу зурж, чимэглэсэн байна.
Энэхүү эх зураг нь 60.5х70.5см хэмжээтэй, цаасан дээр тосон будгаар зурагдсан бөгөөд зураачийн ар гэрийнхэнд хадгалагдан өнөөг хүрсэн байна.
Зураач В.А.Коновалов /1912-1995/ нь таазны чимэглэлээр олон уран бүтээл туурвисан ба Москвагийн метроны төв буудлуудын зураг чимэглэлийн ажил, “Украйн” зочид буудлын хүлээлгийн төв танхимын хана, таазны зураг, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургуулийн таазны чимэглэлийн зураг зэргийг бүтээхэд голлох үүргийг гүйцэтгэсэн уран бүтээлч юм.