Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ өдөр тус Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн 4 дэх уулзалтанд оролцов.
Уулзалтад бүлгийн гишүүн 23 улсын парламентчид оролцож, бүлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. ЕАБХАБ нь аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага хэдий ч улс төрийн нарийн төвөгтэй яриа хэлцээг урагшлуулахад эдийн засгийн хамтын ажиллагаа дэмжлэг түлхэц болно гэдэгт оролцогчид санал нэгдэж, тус бүлгийн үйл ажиллагаа чухал хувь нэмэртэйг онцлон тэмдэглэж байв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ үеэр Торгоны замын хүрээний хамтын ажиллагааг хэлэлцэхдээ БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгатай уялдуулж, тус улсын холбогдох төлөөллийг зөвлөлдөх зорилгоор урьж оролцуулж байвал оновчтой байж болохыг тэмдэглэв. Мөн Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхийн тулд тэдгээрийн хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагуудыг уялдуулж, хялбаршуулан хөнгөвчлөх саналыг тус тус дэвшүүлэв. Ийм хялбаршуулалтыг ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх гэрээний дагуу дэлхийн түвшинд бүгд хэрэгжүүлэх учиртайг харгалзан олон улсын хуулийн эрх зүйн энэхүү суурийг ашиглан ийм уялдуулсан захиргааны дүрэм журмын жигд хөнгөвчлөлтийг хийвэл дэлхийн худалдаанд үлгэр дууриал болохуйц маш тодорхой дэвшилтэт алхам болох юм гэдгийг онцлов.
Эл уулзалтаар тус бүлэгт гишүүнээр элсэх хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Итали Улсын хүсэлтийг хянан хэлэлцэж, санал нэгтэйгээр элсүүлэхээр шийдвэрлэлээ.
“Торгоны замыг дэмжих бүлэг” нь 2017 онд Минск хотод болсон Парламентын Ассамблейн ээлжит чуулганы үеэр санаа нэгт орнуудын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан ба өдгөө 24 гишүүнтэй болж өргөжөөд байна. Монгол Улс нь тус бүлгийг үүсгэн байгуулагч 17 гишүүний нэг юм.
Бүлэг нь гишүүн улсуудын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа олон төрөлт тээврийн коридор байгуулах, худалдаа, тээврийн горимыг хялбаршуулах, хүн ам чөлөөтэй зорчих, бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт саадгүй урсах нөхцөлийг хангах замаар уялдаа холбоог дэмжих зорилготой.