Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ГРЕМИНГЕРТЭЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ГРЕМИНГЕРТЭЙ УУЛЗАВ

Австри Улсын нийслэл Вена хотноо 2019 оны 2 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2 дугаар сарын 20-ны өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингертэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ үеэр, сайд Д.Цогтбаатар бүс нутагт тулгарч буй томоохон сорилт бэрхшээл болох терроризм, хүчирхийлэлд турхирч буй хэт туйлшрах үзэлтэй хамтын хүчээр тэмцэх, Ази-Европын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүчин чармайлтад Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг нотолж, Азийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Улмаар, терроризм, хэт туйлшрах үзэлтэй тэмцэх асуудлаарх ЕАБХАБ-ын бүс нутаг хоорондын бага хурлыг энэ онд Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг урив.

Түүнчлэн, соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ЕАБХАБ-ын Азийн түнш орнуудтай хамтран бүс нутгийн семинарыг Улаанбаатарт зохион байгуулах асуудлаар санал солилцов.