Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотноо болж буй 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож байна.
Бага хурлын хоёр дахь өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Ал-Сиси, Румын Улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнис, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркель, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пэнсэ, БНХАУ-ын Комуннист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Төв хорооны дарга Ян Жиэчи, ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров зэрэг бага хуралд оролцогчид мэдэгдэл хийж, зарим оролцогчдын асуултанд хариулав.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мөн өдөр тус хуралд оролцож буй бусад орны гадаад харилцааны сайд нар болон албаны хүмүүстэй уулзалт хийв.
Үдээс өмнө Д.Цогтбаатар сайд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзаж, энэ жил тохиож буй Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой, “Улаанбаатар Төмөр Зам” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийг үүсгэн байгуулсны 70 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ хоёр талын харилцааны асуудлаар ярилцав.
Үдээс хойш Д.Цогтбаатар сайд Оманы Хаант Улсын Гадаад харилцааны сайд Бин Алави бин Абдуллатай уулзаж яам хоорондын хамтын ажиллагааны механизмыг байгуулах асуудлаар хэлэлцээ хийж, хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны сайд Томаш Пэтричэктэй уулзав. Хоёр улсын гадаад харилцааны сайд нар анх удаа уулзаж байгаа ба цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов. Мөн хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хоёр талаасаа дэмжин идэвхжүүлэх талаар ярилцав.
Тус бага хуралд оролцож буй Энэтхэг Улсын Ерөнхий сайдын ҮАБ-ын дэд зөвлөх Панжак Саран Д.Цогтбаатар сайдад бараалхаж, Гадаад харилцааны сайд Сушма Сваражийн мэндчилгээг уламжлахын зэрэгцээ харилцааны зарим асуудлаар санал солилцов.
МАББХ-ын талаар олон улсын хэвлэл, мэдээллийн агентлагууд сурвалжилж, мэдээ мэдээлэл толилуулж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын улс төрийн соёлын асуудлаар нийтэлдэг “Цицеро” сэтгүүлийн сурвалжлагчид ярилцлага өгөв.
Баваар муж улсын Ерөнхий сайд Маркус Зөдэр МАББХ-д оролцогчдыг хүндэтгэн оройн зоог барьсан бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уригдан оролцов. Мюнхений аюулгүй байдлын бага хурал үргэлжилж байна.