Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Израил Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ц.Хейфэцийг хүлээн авч уулзав.
Сайд Д.Цогтбаатар Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, кибер аюулгүй байдлын салбарт идэвхтэй хөгжүүлэхийн чухлыг онцолж, дээрх салбарт Израилийн туршлагыг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа дурдав.
Элчин сайд Ц.Хейфэц Израил Улс нь Монгол Улстай найрсаг дотно харилцаа хөгжүүлж байгааг тэмдэглээд кибер аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан тэргүүтэй Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөгчид саяхан Израилд айлчилсан нь энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлов.