Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛС, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

МОНГОЛ УЛС, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ойд зориулан Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Элчин сайдын яам хамтран хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Хүлээн авалтад төр, засгийн төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нар, Монгол-Германы бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгуулагуудын төлөөлөл бүхий 180 гаруй зочид оролцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Дуппел нар хүндэтгэлийн арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүлэв. Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа энэ хугацаанд амжилттай хөгжиж, иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэнд хоёр тал сэтгэл хангалуун байж, энэхүү ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Ойн арга хэмжээний үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучид Германы Элчин сайдын гэргийн  хамт Монгол Улс, ХБНГУ-ын төрийн дууллыг дуулж, Улсын филармонийн чуулга хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон”, Людвиг ван Бетховены “Coriolan Overture”-ийн аялгууг эгшиглүүлэв. Түүнчлэн хоёр орны 1990-2000 оны улс төрийн харилцааны түүхийг илтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргав.

Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг жилийн турш хоёр оронд харилцан тэмдэглэн өнгөрүүлэх юм.