Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Австрали Улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар томилогдсон Дэвид Восен-ыг хүлээн авч уулзав.
Элчин сайд Дэвид Восен Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны дэд сайдад гардуулав. Тэрээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хүчин зүтгэхээ илэрхийлэв.
Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Австралийн харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа нотлоод, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг захив. Мөн Австрали Улсаас манай улсад үзүүлдэг хөгжлийн тусламжийн хүрээнд олон зуун төрийн албан хаагч мэргэжил дээшлүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг онцлон тэмдэглэв.