Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 16-нд Сантьяго хотноо болов.
Уулзалтын өмнө Чилийн Гадаад хэргийн дэд сайд хатагтай Каролина Вальдивиа ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, бүхий л боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав.
Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр тал цаашид улс төрийн хүрээнд зөвлөлдөх механизмтай болов.
Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Чилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хоёр улсын Уул уурхайн яамд хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын үед байгуулах, чилийн тал мэргэжилтэн сургах, уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлсэн тухай болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж ирсэн туршлагаасаа хуваалцах, хоёр талын бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог нэмэгдүүлэх, улмаар бизнес форум зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн хоёр тал НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотлохын зэрэгцээ Зүүн Хойд Ази, Төв Ази, Латин Америкийн бүс нутгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтыг айлын талаас Чилийн ГХЯ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Патрисио Торрес тэргүүлэн оролцсон бөгөөд Чилийн ГХЯ-ны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан газрын удирдлагууд, уул уурхайн яам, Чилийн экспортыг дэмжих байгууллага болох “ПроЧили”-гийн төлөөлөл оролцсон.