БНЭУ-ын Гадаад хэргийн яам, ”Ажиглалт Судалгааны Сан” судалгааны байгууллага хамтран “Райсина Диалог -2019” олон улсын хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Шинэ Дели хотноо дөрөвдэх удаа зохион байгуулав.
Орчин үеийн олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, бизнес, цэрэг батлан хамгаалах салбарын судлаачид санал бодол солилцох, ирээдүйн чиг хандлагыг санал болгоход чиглэдэг олон улсын энэхүү хурал “Олон улсын харилцаанд бий болж буй шинэ дэг журам, үүссэн шинэ нөхцөл байдал, Уян хатан түншлэл, Тодорхой бус үр дүн” хэмээх өргөн хүрээтэй сэдвийн дор 40 гаруй салбар хуралдаан, хэлэлцүүлэг өрнүүлсэнд дэлхийн 93 орныг төлөөлж 600 гаруй төлөөлөгч,1500 орчим зочид оролцов.
Олон улсад нэр хүндтэй энэхүү хуралд Монгол Улсын Их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Райсина Диалог 2019” олон улсын хурлын нээлтийн үеэр Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлан, 2015 оны тавдугаар сард Монгол Улсад түүний хийсэн төрийн айлчлал манай хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал болсныг тэмдэглэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар олон улсын хуралд оролцох үеэрээ Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Каул, эрх баригч БЖП намын Үндэсний ерөнхий нарийн бичгийн дарга Рам Мадхав, Монгол Улсад газрын тосны үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж байгаа “Инженерс Индиа Лимитэд” компанийн удирдлагатай уулзаж, Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаа, Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар болон олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Гадаад харилцааны сайд нар манай хоёр орны өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж сүүлийн жилүүдэд өсч байгааг тэмдэглээд улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын болон бусад салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид тавих зорилтуудын талаар санал солилцож нарны эрчим хүч, ухаалаг технологийг барилгын салбарт ашиглах туршилтын төслийг хэрэгжүүлэх талаар ярьж тохиров.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Райсина Диалог -2019” олон улсын хуралд оролцсон Норвегийн Ерөнхий сайд хатагтай Ирна Солберг, Австрали, Малайз, Испани, Иран, Япон Улсын Гадаад хэргийн сайд нар, бусад орны төлөөлөгчидтэй уулзаж ярилцав.