Мэргэжил нэгт эрхэм анд нар аа,
Монгол Улсад орчин цагийн Дипломат алба үүсч хөгжсөний болон Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээсний 107 жилийн ойн баярыг тохиолдуулан Та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.
Дипломат албаны ойн энэ өдөр та бид туулж өнгөрүүлсэн замналаа эргэцүүлж, түүхэн уламжлалаараа бахархах учиртай. Манай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад дипломатуудынхаа алдрыг дурсахын хамт улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах ариун үйлсийн аргамжааг бөхөлж буй чадварлаг залуусынхаа ололтыг тэмдэглэж байна.
Үндэсний эрх ашигт бүрнээ нийцсэн манай гадаад бодлогын чиг шугам, авч хэрэгжүүлж буй тууштай алхамууд өргөн олон түмний дэмжлэгийг авч, талархлыг хүлээж байгаа билээ. Үүнд дипломатууд та бүхний оруулж буй хувь нэмрийг зүй ёсоор үнэлэх ёстой.
Баярын энэ өдөр ГХЯ-ны төв аппарат, гадаад улс орон, олон улсын байгууллагын дэргэд суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хамт олонд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхан бүхнийг ерөөе. Та бүхэн шинэ онд идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр