Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохАРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТЛУУЛАВ

АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТЛУУЛАВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 52 дахь Бүгд хуралдаанаар Монгол Улсаас хоёр жил тутам санаачлан хэлэлцүүлдэг “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг нийтийн зөвшилцлөөр баталлаа.

“Ардчиллын боловсролын тухай” тогтоолд ардчилсан засаглал, энх тайван, хөгжил болон хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах асуудлын уялдаа холбоог дахин нотлохын зэрэгцээ ардчилал, сайн засаглал, хууль дээдлэх ёсыг бүх түвшинд бэхжүүлэхэд боловсрол чухал үүрэгтэйг нотолсон.

Уг тогтоолд тив бүрийн төлөөлөл болсон 45 улс хамтран зохиогчоор орсон нь ардчиллын боловсролын асуудлыг гишүүн орнууд өргөнөөр дэмжиж байгааг харуулав. 

Монгол Улс “Ардчиллын боловсролын тухай” тогтоолыг анх 2012 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байхдаа санаачилж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанаар, мөн 2013 онд НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганаар “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх тухай” тогтоол санаачилж батлуулсан.