ЭМГЭНЭЛ
НАМНАНГИЙН НЯМЖАВ
/1950-2018/
Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Намнангийн Нямжав 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Н.Нямжав 1950 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 1968 онд Ховд аймгийн Булган сумын бага дунд сургууль, 1972-1978 онд Прагийн Карлын их сургууль, 1993 онд ОХУ-ын Москвагийн Дипломатын академийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Чех, словак, орос, англи хэлний мэдлэгтэй.
Н.Нямжав нь 1978 оноос ГХЯ болон түүний системийн байгууллагад тасралтгүй 34 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд дэд атташе, атташе, гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, хэлтсийн орлогч дарга, дарга, газрын захирал, 1988-1991 он, 1995-1999 он, 2003-2006 он, 2009-2012 онуудад Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-нд томилогдон ажиллахдаа орчуулагч, гурав, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, Элчин зөвлөх, 2014-2015 онд Барилга хот, байгуулалтын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
Н.Нямжав нь Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсаас гадаад орнуудтай тогтоосон хоёр талын харилцаа хамтын ажиллагаа, тухайлбал Монгол-Чехийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, чех судлалаар мэргэшсэн дипломат бөгөөд хоёр орны хооронд дээд, өндөр болон бусад түвшинд хэрэгжсэн албан ёсны айлчлалуудыг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсын консулын дүрмийг шинээр батлах, Консулын албыг бэхжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, Монгол Улсын өргөмжит консулын албыг өргөтгөх зэрэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байв.
Талийгаачийн хөдөлмөрийг төр, засгаас үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”, Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 173 дугаар зарлигаар “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолоор тус тус шагнасан байна.
Талийгаачийн эгэл даруу, шударга, хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг,
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,
ГХЯ, ДТГ-ын нийт хамт олон,
ГХЯ-ны дэргэдэх Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн Дипломат клуб