ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 11 дүгээр сарын 27-нд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Паулу Эстиваллет де Мескита-г Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
ТНБД Д.Даваасүрэн Монгол, Бразилийн хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх нөөц бололцоо байгаа тухай тэмдэглэж, 2019 онд Монгол, Бразилийн Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг Бразилд айлчлуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, Элчин сайдыг дэмжиж ажиллахыг хүсэв.
Элчин сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд боломжтой салбар чиглэлийг хамтран тохирч хөгжүүлэх сонирхолтойгоо дурдав. Тухайлбал, тэрбээр боловсролын салбарыг онцлохын зэрэгцээ ХАА-н салбарт л гэхэд бэлчээрийг нөхөн сэргээх асуудлаар бразилын тал туршлагаасаа хуваалцах боломжтойг тэмдэглэв.