Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохСИНГАПУР ХОТНОО “МОНГОЛ ДИЖИТАЛ СУРГУУЛЬ” ТӨСЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

СИНГАПУР ХОТНОО “МОНГОЛ ДИЖИТАЛ СУРГУУЛЬ” ТӨСЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Монгол Улсад дижитал сургалтын арга зүйг нэвтрүүлж  чанартай сургалтыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготойгоор Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сингапур Улсын “ALLin Technologies Pte Ltd” байгуулага хамтарч “Монгол дижитал сургууль” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцон ажиллаж байна. Төслийг дэмжих зорилгоор Сингапур хотноо энэ оны 11 дүгээр сарын 15-ны  үдэш хүндэтгэлийн хандивын арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж дэмжин оролцож, нээлтийн үг хэлэв. Элчин сайд Монгол Улсын ирээдүйн залгамж халаа болсон энхрий үрсийн төлөө хуран цугласан зочдод талархал илэрхийлэхийн сацуу Монголын боловсролын талаар товч мэдээлэл хүргэв.

“Монгол Дижитал Сургууль” төсөл нь нийт 6 сая ам.долларын санхүүжилттэйгээр 3 жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжих бөгөөд Монгол Улсын боловсролын тогтолцоонд дэмжлэг үзүүлж буй уг хүмүүнлэгийн арга хэмжээг Сингапур дахь Монгол Улсын Элчин Сайдын яам дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Төслийн гол зорилго нь:

  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үйл ажиллагааг дэмжих;
  • Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын чадавхи бэхжүүлэх сургалтын модуль боловсруулах, хамтран сургалт зохион байгуулах;
  • Сургалтын үйл ажиллагаанд мэдээлэл, харилцааны технологийг үр дүнтэй ашиглах чадамж эзэмшүүлэх багш нарт зориулсан багц сургалтыг бүх аймаг, дүүргийн багш нарт зохион байгуулах;
  • Нейросайненсад суурилсан сургалтын арга зүйг хэрэгжүүлэх;
  • Дижитал төсөл хэрэгжих сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч, сургагч багш нарын сургалтыг Сингапур улсад зохион байгуулах;

220 сургууль, цэцэрлэг дээр дижитал анги танхим байгуулах зэрэг олон үйл ажиллагааг санхүүжүүлэх юм.