Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ТОГТООЛЫГ НҮБ-ААР БАТЛУУЛЛАА

БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ТОГТООЛЫГ НҮБ-ААР БАТЛУУЛЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан хоёр жил тутам батлуулдаг “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.

Бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхээр олон арван жил хүчин чармайлт тавьсан. Гэвч өдгөө дэлхий дахинаа 750 сая насанд хүрэгч тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд бичиг үсэгт тайлагдаагүй, 617 сая бага болон өсвөр насныхан бичиг үсгийн боловсрол эзэмших нөхцлөөр хангагдаагүй, 262 сая бага болон өсвөр насныхан сургуульд хамрагдаагүй гэсэн тоо баримтыг Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы хэлэлцүүлэгт зориулж гаргасан ЮНЕСКО-гын судалгааны илтгэлд дурджээ.

Хүний хөгжлийн чухал үзүүлэлт болох бичиг үсгийн боловсролын асуудлыг олон улс болон үндэсний түвшинд дэмжиж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгцээтэй байна.

Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн орнууд өргөнөөр дэмжиж, 100 улс хамтран зохиогчоор нэгдэн орлоо.