Энэ өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдаж буй олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын 15 дугаар хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байгаа билээ. Тус клубын өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Гадаад хэргийн сайд С.В.Лавров, БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Коммунист намын Төв хорооны Гадаад хамтын ажиллагааны Комиссын дарга Ян Жечи нар мөн хүндэт зочноор оролцов. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаан “Бидний амьдрах дэлхий: XXI зууны тогтвортой байдал болон хөгжил” сэдэв дор болж байгаа болно.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ дэлхий дахинаа өнөө цагт тулгарч буй улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар байр сууриа илэрхийллээ. Харин Гадаад хэргийн сайд С.В.Лавров ОХУ-ын гадаад бодлогын асуудлаар товч мэдээлэл хийж, нийгэм, улс төрийн шинжээчдийн сонирхсон асуултад олон улсын харилцаанд тулгамдсан асуудлаар хариулт өглөө. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Коммунист намын Төв хорооны Гадаад хамтын ажиллагааны Комиссын дарга Ян Жечи БНХАУ, ОХУ-ын харилцаа, улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.