Засгийн газраас 2018 оны 9 дүгээр сард батласан “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монгол экспорт экспо-2018” арга хэмжээг ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, МҮХАҮТ хамтран 2018 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд “Мишээл Экспо” үзэсгэлэнгийн төвд зохион байгуулж байна. 10 дугаар сарын 18-ны өдөр болсон Экспогийн нээлтийн ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй албаны хүмүүс болон Улаанбаатар дахь дипломат корпусын төлөөлөл оролцов.
“Монгол экспорт экспо–2018” арга хэмжээний хүрээнд “Экспортын тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дээр дурдсан төрийн захиргааны төв байгууллагуудаас гадна уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол экспорт” хөтөлбөр, ЕХ-ны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Монголын худалдааг дэмжих төсөл”, Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Монголын худалдаа ба хөрөнгө оруулалтын замын зураг” төслийн танилцуулгыг хийв.
Хэлэлцүүлгийн хүрээнд ноос ноолуур, арьс шир, аялал жуулчлал, цахим худалдааны чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж, экспортын худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Гадаад харилцааны яамнаас “Монгол экспорт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгаа энэ үед хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.
“Монгол экспорт экспо – 2018” арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 21-нийг дуустал үргэлжлэх бөгөөд “Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа” сэдэвт семинарыг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.