Ази-Европын Дээд түвшний 12 дугаар уулзалтад оролцох үеэрээ улс, орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр талт уулзалтаа Германы Канцлер Ангела Меркельтэй уулзсанаар эхлүүллээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Германы Канцлер Ангела Меркель нар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, хоёр улсын харилцаа, Ази ба Европын асуудлаар ярилцах завшаан тохиож буйд харилцан талархал илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бодитоор, харилцан ашигтай хөгжүүлэхийн чухлыг онцлоод, Канцлер Меркелийн 2011 онд Монгол Улсад айлчлах үеэрээ ярилцаж, эхлүүлэхээр төлөвлөсөн ажлууд зогсонги байгааг дурдав. Энэ айлчлалын үеэр Монгол-Германы Засгийн газар хоорондын түүхий эд технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр улсын хамтарсан Эдийн засгийн хороо байгуулж, тухайн үед Герман улсын талаас хариуцах хүмүүс томилогдсон ч одоо өөр ажилд томилогдсон гэх мэт шалтгаанаар эзэнгүй болсныг сануулсан юм.
Мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг тус улсын технологиор боловсруулан БНХАУ гэх хөрш том зах зээл рүүгээ нэвтрэх боломжтойг дурдаж, Монголын залуу бизнесмэнүүдтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар ярилаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхай, шинэ хот байгуулах, малын гаралтай түүхий эдийг нано болон биотехнологиор боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж онцлоод Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн чухал алхмуудын нэг нь шинэ эко хот байгуулах гээд төслийн талаар тодорхой танилцуулсан юм.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулж байсан талаар дурдаад хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэхийн тулд хариуцсан эзэнтэй болгохоо мэдэгдлээ. ХБНГУ-ын Канцлер эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болов. Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг ХБНГУ-ын Канцлер анхаарч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Талууд цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх болон шинжлэх ухаан судалгаа, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук бараалхлаа. Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук АСЕМ-ын уулзалтын үеэр цаг зав гарган уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх асуудлыг хөндөн ярилцав.
Тухайлбал, ноён Нгуан Суан Фук нүүрс, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний гол түүхий эд болох ноосон утас, арьс шир гэх мэт бүтээгдэхүүнийг Вьетнам улс нь Монголоос импортлон, манай улсад элсэн чихэр, кофе, хүнсний ногоо, жимс экспортлох боломжтой талаар танилцуулсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн чухлыг онцлоод, Хүнс, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, менежмент зэргийг судалж байсан тухайгаа ярьж, энэ чиглэлээр худалдааг нэмэгдүүлэх олон боломж байгаа талаар санал солилцсон юм. Мөн хоёр орны хамтын ажиллагааг соёл урлаг, спортын салбарт улам идэвхтэй хөгжүүлж, дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулах саналаа илэрхийллээ.
Талууд хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимтэй хөгжүүлэх болон олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжин ажиллах талаар мөн санал солилцов.
Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаадаа талархал илэрхийлээд, 10 гаруй жилийн өмнө Монгол Улсад 3 долоо хоногийн турш ажиллаж байснаа дурсан ярилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ирланд улсын Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын орлого 4 тэрбум ам. долларт хүрсэн гэсэн мэдээлэл авснаа дурдаад, Монгол Улсын малын тоо 80 сая дөхөж байгаа учир малын гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монгол Улсын хөгжилд ихээхэн чухал гэдгийг онцлов. Мөн тус улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг сонирхож, ярилцав. Тус улс жилд дунджаар 16 сая жуулчин хүлээн авдаг тул Ирландын аялал жуулчлалын салбарын туршлагыг Монгол Улс сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн талууд Монгол, Ирланд улсын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд түлхүү анхаарах болон олон улсын түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллах зэрэг асуудлаар санал солилцож, ярилцлаа.