Монгол Улсын Засгийн газар 2018 оны 9 дүгээр сард “Монгол экспорт” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Гадаад харилцааны яам (ГХЯ) Олон улсын худалдааны төв (ОУХТ)-тэй хамтран “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” (ХХОЗЗ) боловсруулахаар ажиллаж байна.
ХХОЗЗ боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудыг оролцуулсан Үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дээр Европын холбооны “Худалдааг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Уулзалтад оролцогчид Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын нөхцөл байдал, нэмүү өртгийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн нөөц чадавхи, салбар дундын уялдаа холбоо, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар зэрэгт тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлохын зэрэгцээ эдгээр асуудлуудаа шийдвэрлэх арга зам, шийдлүүд юу байх талаар санал солилцов.
Мөн ОУХТ-ийн зүгээс тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох талаар танилцуулга хийж, энэ чиглэлээр хуралдаанд оролцогчдын саналыг сонсов.
Хоёр өдрийн хэлэцүүлэг болон бусад уулзалт, арга хэмжээний явцад төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжид ОУХТ дүн шинжилгээ хийсний үндсэн дээр худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг буюу цаашид хийх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөний төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулах бөгөөд энэхүү төслийг дараагийн Үндэсний зөвлөлдөх уулзалтаар төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэх юм.
Дээрх арга хэмжээ нь олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын экспортын /худалдааны стратеги боловсруулах ажилд чухал ач холбогдолтой юм.