Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан симпозиум, соёлын арга хэмжээ өнөөдөр ГХЯ-нд боллоо. Арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён О Сын Хо нар үг хэлэв.
Нээлтийн арга хэмжээнд УИХ дахь Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол, БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон БНАСАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.
Дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Монгол, Солонгосын уламжлалт, найрсаг харилцаа он цагийн шалгуурыг туулан 70 жилийн туршид тогтвортой урагшлан хөгжиж ирлээ. Манай хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс бөгөөд Монгол, Солонгосын харилцааг хөгжүүлэхэд чин сэтгэл, хүч хөдөлмөрөө дайчилж ирсэн хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдагчид, дипломатууд, нийгмийн зүтгэлтнүүддээ хүндэтгэл илэрхийлье. Энэ оны 2 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын дараахан Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлыг хангаж, яриа хэлэлцээг сэргээхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ ар араасаа цувран өрнөж, хэдхэн сарын дотор БНАСАУ, АНУ-ын түүхэн дээд түвшний уулзалт болон Солонгос хоорондын гурван дээд түвшний уулзалт боллоо. Панмүнжөм, Пёньяны тунхаглалууд цаашид биеллээ олж, холбогдох яриа хэлэлцээ амжилтад хүрээсэй хэмээн чин сэтгэлээс хүсч байна ” хэмээн онцлов.
Элчин сайд О Сын Хо “Манай хоёр улс 1948 оны 10 дугаар сарын 15-нд найрамдалт харилцааг тогтоосноос хойш өнгөрсөн 70 жилийн турш энэхүү харилцааг хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, нийтлэг эрх ашигт нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлж ирсэн билээ. Мөн манай хоёр улс нөхөрсөг ах дүүгийн сэтгэлээр хэцүү бэрхшээлтэй үед харилцан тусалж эв нэгдсэн бөгөөд энх тайванч гадаад бодлогыг дэвшүүлж бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж ирсэн билээ” гэв.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа – 70 жил” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, БНАСАУ-ын уран бүтээлчдийн дүрслэх урлагийн ховор бүтээл, уран хатгамал, уран зургийн үзэсгэлэн, БНАСАУ-ын ном, хэвлэл, маркийн үзэсгэлэнг толилууллаа. Мөн БНАСАУ-д 2001-2008 онд Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Ломбын “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа 70 жил” номны нээлт боллоо.
Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын, Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам нар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар баярын захидал солилцлоо.