Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, ФИЛИППИНИЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН БОДЛОГЫН ГУРАВДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ МАНИЛА ХОТНОО БОЛЛОО

МОНГОЛ, ФИЛИППИНИЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН БОДЛОГЫН ГУРАВДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ МАНИЛА ХОТНОО БОЛЛОО

Өнөөдөр Монгол Улс Филиппин Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцааны түүхэнд тэмдэглүүшт ой тохиож буй энэ өдөр Монгол, Филиппиний Гадаад харилцааны яам хоорондын Бодлогын гуравдугаар зөвлөлдөх уулзалт Манила хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, филиппиний талаас тус улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Энрике Гонзалес Манало нар ахалж оролцов.

Дэд сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутертэд илгээсэн баярын мэндчилгээг гардуулав.

Талууд хоёр талын харилцааг бүх түвшинд идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлоод цаашид дээд өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаар тохиров.

Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.

Харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр хоёр улсын хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг талууд тэмдэглэв. Филиппиний тал жимс, далайн бүтээгдэхүүнээ экспортолж, манай уул уурхай, эрдэс баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу аялал жуулчлал, мэдээллийн технологи, инновацийн чиглэлд хамтран ажиллах санал дэвшүүлэв. Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд шууд харилцаа холбоо тогтоож, бизнесийн төлөөлөгчдөө Монголд илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Эдгээр санаачилгыг манай тал дэмжихийн сацуу АСЕАН-ы нөлөө бүхий, идэвхтэй гишүүн Филиппин Улстай бүс нутгийн түвшинд нягт хамтран ажиллаж, нэн ялангуяа АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтын хүрээнд хөгжүүлж ирсэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлцээний түнш болоход дэмжлэг хүсэв.

Талууд хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллээ харилцан солилцож, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хооронд хэлхээ холбоо тогтоох, мөн соёл, боловсрол, спортын солилцоог идэвхжүүлж, энэ салбар дахь хамтын ажиллагааны баримт бичиг, хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцов.