НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы 2 дугаар хорооны үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 8-нд эхлэв. Эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг тус хороо нь тогтвортой хөгжил, макро эдийн засгийн бодлого, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын бага хурлуудын үр дүнгийн хэрэгжилт, даяаршил ба харилцан хамаарал, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, ядуурлыг бууруулах, хөгжлийн төлөөх үйл ажиллагаа, олон улсын энх тайван, аюулгүй байдал зэрэг 15 багц асуудлын хүрээнд холбогдох тогтоолын төслүүдийг хэлэлцэж, батлах юм.
Хоёрдугаар хорооны хуралдааны нээлтэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч ЕНБД Лиу Зенминь, АНУ-ын судалгааны Брүүкингс хүрээлэнгийн Дэлхийн эдийн засаг, хөгжлийн хөтөлбөрийн захирал Хоми Карас, Гватемал Улсын ахмад дипломатч Герт Росентал нар оролцож, олон улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах арга замын талаар илтгэл танилцуулав.
Тус хорооны ерөнхий санал шүүмжлэл 10 дугаар сарын 8-9-нд үргэлжлэх бөгөөд гишүүн улс орнууд эдийн засаг, хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тухайлбал, Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграци, санаачлагад нэгдэх, хөрш болон бусад улс оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж буйг онцлов.
Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлд Монгол Улс идэвхитэй ажиллаж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйг тэмдэглээд, ДГХБО-ын Олон улсын судалгааны төв нь засгийн газар хоорондын байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа Улаанбаатар хотноо бүрэн эхлүүлснийг мэдээлж, судалгааны төвийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажиглагчийн статустай болгох тогтоолын төсөлд хамтран зохиогчоор орохыг гишүүн орнуудад уриалав.