Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-нд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.

Уулзалтад ДГХБО-ын бүлгийн дарга, Парагвай Улсын Гадаад хэргийн сайд Л.А.Кастелиони болон бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар, мөн НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуи, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О. Алгаерова нар оролцлоо.

“Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад түншлэлийг сэргээн бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн уулзалтаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг 2019 онд хянан хэлэлцэх хурлын бэлтгэлийг хангах, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд түншлэлийг бэхжүүлэх, хамтын чармайлтаа нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Түүнчлэн далайд гарцгүйгээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүдийг тодорхой хэмжээгээр бууруулах, худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоо, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой “Бүс ба Зам: Зорчих нөхцлийг хөнгөвчлөх санаачлага” гаргаж, “Бүс ба Зам”-тай холбоотой арга хэмжээнд оролцох албаны төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдад виз олгох ажиллагааг хөнгөвчлөх журам нэвтрүүлэн, хилийн хяналтын бүсэд тэдэнд зориулсан тусгай гарц байгуулсныг тэрээр онцлов.