Монгол Улсыг 2019 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Цюрих хотноо болох олон улсын аялал жуулчлалын “FESPO” үзэсгэлэнд анх удаа зочин орноор оролцуулах болсноо зохион байгуулагч тал өнөөдөр мэдэгдээд байна.
Энэ талаар ШХУ-ын www.travelnews.ch аялал жуулчлалын мэдээний цахим хуудаст “Монгол Улс 2019 онд зочин орноор оролцох болсон нь FESPO-гийн хувьд сайхан мэдээ боллоо” гарчигтай мэдээ 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гарчээ. “Сүүлийн 10 жилийн хугацаанд Ази тивээс зочин орон оролцоогүй бөгөөд Монголыг зочин орноор оролцуулснаар Чингис Хааны эзэнт гүрний тухай илүү ихийг мэдэхийг олзуурхаж, тэсэн ядан хүлээж байна гэж тус үзэсгэлэнг зохион байгуулагч Стефан Амстад хэллээ” гэж мэдээнд дурдсан байна. Түүнчлэн, “монголчууд дэлхийн талыг эзэлж байсан түүхтэй бөгөөд энэхүү нүүдэлчид хүн, байгалийн амин холбоог домог болгон үе дамжуулан үлдээж, хөөмий, уртын дуугаараа амьдралын гүн ухаан, ард түмний онцлогийг илэрхийлж ирсэн” гэж онцолжээ.
Цюрих хотноо зохиогддог Швейцарийн аялал жуулчлалын хамгийн том “FESPO” үзэсгэлэнд 600 гаруй оролцогч оролцож, 63000 хүн үзэж сонирхдог бөгөөд Швейцар, Өмнөд Герман, Хойд Итали, Австри зэрэг зах зээлийг хамардаг тул бүс нутагтаа томоохонд тооцогддог үзэсгэлэн юм. 2017 онд Коста Рика, 2018 онд Румын Улс зочин орноор оролцож байжээ.