Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АНУ-ЫН КОНГРЕССЫН НОМЫН САНГИЙН МОНГОЛ НОМЫН ЦУГЛУУЛГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АНУ-ЫН КОНГРЕССЫН НОМЫН САНГИЙН МОНГОЛ НОМЫН ЦУГЛУУЛГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлах үеэрээ Конгрессын номын санд зочилжээ. Манай төлөөлөгчид тус номын сангийн Азийн танхимын Түвд-Монголын тасаг болон номын сангийн ховор номны хэсэгт байрладаг Францын зохиолч Пети де ла Кроуагийн “Аугаа Чингис хааны түүх” номыг онцлон сонирхов. Түвд-Монголын тасаг нь 600 гаруй ховор ном, 10300 орчим бүтээлтэй аж.

“Аугаа Чингис хааны түүх” ном нь АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсоны номын цуглуулгад онцгой байр суурь эзэлдэг байсан бөгөөд Т.Жефферсон 1814 оны дайны үед Конгрессын номын сангаас үрэгдсэн ном бүтээлийг нөхөн сэргээх зорилгоор өөрийн 50 жилийн туршид цуглуулсан хувийн номын сангаа хандивлахад “Аугаа Чингис хааны түүх” ном багтсан байжээ. Монгол судлаач, профессор Жэк Уэтерфордын судалгаагаар “Аугаа Чингис хааны түүх” номонд тэмдэглэсэн Чингис Хааны шашны эрх чөлөөний талаар баримталдаг байсан зарчмыг Ерөнхийлөгч Томас Жефферсон АНУ-ын Үндсэн хуулийг боловсруулахдаа ашигласан гэж үздэг ажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд ном гардуулж, дурсгалын дэвтэрт гарын үсэг зурав.

АНУ-ын Конгрессын номын сан нь нийт 138 сая гаруй ном, эмхэтгэл, товхимол, цомогтой бөгөөд дэлхийн хамгийн том номын санд тооцогддог байна.