Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЕВРОПЫН ХОЛБООНЫ ХУДАЛДААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН КОМИССАРТАЙ УУЛЗАВ

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХУДАЛДААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН КОМИССАРТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үеэр Европын Холбооны Худалдааны асуудал эрхэлсэн комиссар Сесилия Малмстром-той уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Европын Холбоо, Аргентин, Монгол Улсын хамтарсан санаачилга болох “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо санаачилга”-ын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ талууд илэрхийлэв.

Мөн энэ үеэр Монгол Улс 1969 онд даян дэлхийн энх тайваны төлөө олон улсын бурхны шашинтнуудын дуу хоолойг нэгтгэх зорилгоор дэвшүүлсэн Азийн Буддистуудын энх тайваны бага хурал байгууллагын 50 жилийн ой ирэх жил тохиож байгааг мэдээлж, энэ хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд Европын Холбооноос оролцохыг урив. Азийн Буддистуудын энх тайваны бага хурал механизмтай ижил шашин хоорондын яриа хэлэлцээний орон зай өдгөө зайлшгүй шаардлагатай байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэв. Европын Холбооны хувьд даян дэлхийн энх тайваны төлөөх санаачилга болон энэ хүрээнд болох арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.