Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБЫН “САЙН САНААНЫ ҮЙЛС” ӨДӨРЛӨГ БОЛОВ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБЫН “САЙН САНААНЫ ҮЙЛС” ӨДӨРЛӨГ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб Улаанбаатарт суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран энэ есдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар зочид буудалд “Сайн санааны үйлс “өдөрлөгөө 18 дахь удаагаа зохион явуулав.

2001 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн энэхүү уламжлалт арга хэмжээний нээлтийн ёслолд  Эмэгтэйчүүдийн дипломат Клубын тэргүүн С.Онон, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын гэргий Т.Болормаа болон Улаанбаатарт суугаа дипкорпусын ахлагч, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар товч үг хэлэв. Тэд хэлсэн үгэндээ Эмэгтэйчүүдийн дипломат Клубээс 20 жилийн хугацаанд явуулж ирсэн үйл ажиллагааг үнэлж, эмзэг бүлгийнхэнд зориулан хэрэгжүүлж ирсэн төслүүдийн ач холбогдлыг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санаа бодлоо илэрхийлэв.

Тус өдөрлөгт Беларусь, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, ОХУ, БНСУ, Турк, Унгар, БНХАУ, Энэтхэг, Японы ЭСЯ-д болон Европын Холбооны ЭСЯ идэвхтэй оролцож өөрийн орны соёл, урлаг, үндэсний хоол, зан заншилаа танилцуулсан ба Казахстан, ОХУ-ын ЭСЯ-д  урлагын тоглолт үзүүлж сонирхуулав.

“Сайн санааны үйлс” арга хэмжээнд манай төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, гарааны бизнес болон хувиараа аж ахуй эрхлэгчид, оюутан сурагчдын төлөөлөл оролцож, өөрийн бүтээсэн зүйл,  бүтээгдэхүүнээ таниулан сурталчилав.Тухайлбал, Маку, Их өсөлт, Ногоон сор, Ундрахуй урлан компаниуд, “Асрал төв”, мөн олсон урлаг, сагс сүлжмэл, зүймэл даавууны урлаг, шилэн урлаг зэрэг чиглэлээр ажилладаг бизнес эрхлэгчид өөрийн  бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулав. “И Эс Эм” сургуулийн сурагч Л.Саараа дуу, бүжгийн номер үзүүлэв.

Мөн түүнчлэн ЭДК 20 жилийн ойныхоо зурагт альбом, дүрст бичлэгээ болон гишүүдийнхээ туурвисан бүтээлийг олон нийтэд танилцуулав. ЭДК-ын “Сайн санааны үйлс” өдөрлөг нь олон нийтийн сонирхолыг ихэд татаж, нөхөрсөг уур амьсгалд амжилттай болж өндөрлөв.