Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“МОНГОЛ-ХОККАЙДОГИЙН III БИЗНЕС ФОРУМ” БОЛОВ

“МОНГОЛ-ХОККАЙДОГИЙН III БИЗНЕС ФОРУМ” БОЛОВ

“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн санаачилгаар “Монгол-Хоккайдогийн III бизнес форум” өнөөдөр буюу 9 дүгээр сарын 17-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болов.

Тус нийгэмлэг нь Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит консул Ц.Такэбэгийн санаачилгаар хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор 2016 онд үүсгэн байгуулагдаж, энэхүү форумыг Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр форумыг нээж хэлсэн үгэндээ Хоккайдо муж газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэнд гүн эмгэнэл илэрхийлэхийн сацуу энэхүү хүнд хэцүү цаг үед тус мужийн төлөөлөгчид манай улсыг ийнхүү зорин ирсэн нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чин сэтгэлийн илрэл хэмээн талархан хүлээн авч буйгаа онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Монгол, Японы худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес хоорондын үйл ажиллагааг бодитой дэмжиж хөрөнгө оруулалтыг татах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс Токио хотноо “Худалдааны төлөөлөгчийн газар” байгуулахаар ажиллаж буй талаар мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, “Монгол-Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Л.Болд үгэндээ  байгаль цаг уурын ижил төстэй нөхцөлтэй Монгол, Хоккайдогийн хооронд нэн ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Форумд Монгол Улсын ГХЯ, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ,  Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллага, “Монгол, Хоккайдогийн харилцааг дэмжих нийгэмлэг”, Дархан-Уул аймаг, Хоккайдо муж, Саппоро хотын захиргаа, Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл, МҮХАҮТ, Монгол, Японы Хүний нөөцийн хөгжлийн төв, Саппоро дахь “JCI” байгууллага, “ТОА Соокэн” судалгааны хүрээлэн болон хоёр талын 60 гаруй аж ахуйн нэгжийн 100  гаруй төлөөлөгч оролцов.

Форумд оролцогсод Монгол, Хоккайдогийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын хувийн хэвшил хооронд гурвалжин будаа тариалах, контент үйлдвэрлэх, барилгын зураг төсөл боловсруулах, газрын хөрсний дулааны технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр бодит үйл ажиллагаа эхлүүлээд буй талаар танилцуулав.Түүнчлэн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааны нөөц боломж их буй гээд цаашид аялал жуулчлал тэргүүтэй тодорхой салбарын хүрээнд нарийвчилсан хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр форумын үр өгөөжийг нэмэгдүүлж ажиллахаар тогтов.