Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

Гадаад харилцааны яам энэ сарын 12-13-ны өдрүүдэд Монгол Улсын Соёлын элч нарын Анхдугаар чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус чуулга уулзалтад ОХУ, АНУ, БНСУ, ИБУИНХУ, ХБНГУ, Япон Улс, Сингапур Улс, Индонез зэрэг орнуудад Монгол Улсын Соёлын элчээр томилогдон үйл ажиллагаагаа явуулж буй 20 Соёлын элч нар оролцлоо.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын түүх, соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулахад Соёлын элч нарын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйг цохон тэмдэглэв.

Соёлын элч нарыг нэгдсэн мэдээлэл, чиглэлээр хангах, хоорондын үйл ажиллагааных нь уялдаа холбоог сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий тус чуулга уулзалтад БСШУСЯ, СУГ, НСУГ, БОАЖЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын урлагийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, соёл урлаг, аялал жуулчлал, түүх, соёлын өвөөр дамжуулан Монгол Улсыг хэрхэн гадаадад сурталчлах боломж, арга замын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Соёлын элч нарыг хүлээн авч уулзан өөрийн амжилт бүтээл, ажил үйлсээрээ дамжуулан Монгол улсыг гадаадад сурталчлан таниулж буй нийт Соёлын элч нарт талархал илэрхийлж цаашдын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт харилцаатай ажиллан, төр засгаас баримталж буй бодлоготой уялдуулан ажиллахыг хүслээ.

Тус чуулга уулзалтаар Монгол Улсыг сурталчлах урт хугацааны төлөвлөгөө гаргах, хилийн чанадад Монголын соёлын төв байгуулах, дэлхийн түвшний уран бүтээлчид, гоц авьяастнуудын талаарх мэдээллийн санг бүрдүүлэх зэрэг санаачлагуудыг гарган хоёр жил тутам Соёлын элч нарын чуулга уулзалтыг зохион байгуулж байхаар тогтлоо.