Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН III ЧУУЛГА УУЛЗАЛТ” БОЛЛОО

“ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН III ЧУУЛГА УУЛЗАЛТ” БОЛЛОО

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт” 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдав.

Чуулга уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжин, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг болон “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номуун-Эрдэнэ тэргүүтэй төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ ирүүлж, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн бөгөөд уг мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжин уншиж сонордуулав.

Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй  монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт 3 салбар хуралдаан, нэгдсэн хуралдаан мөн “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” үзэсгэлэн, яармагийг тус тус зохион байгуулав.

2014 онд Гадаад харилцааны сайдын санаачилгаар анхдугаар чуулга уулзалтаа хийж байсан хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын энэ удаагийн чуулга уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нээж үг хэлсэн бөгөөд мөн нэгдсэн хуралдаанд “Хилийн чанад дахь монгол иргэдийн асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг илтгэлдээ хилийн чанад дахь монгол иргэд рүүгээ чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд Гадаад харилцааны яамны зүгээс хэрхэн шат дараатайгаар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа талаар мэдээлэл хийхийн сацуу энэ удаагийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлууд болох иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн бүртгэлийг дуусгах, монгол сургуулиудыг дэмжих, төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг хүсэв.

Мөн дэлхийн өнцөг булан бүрт оршин сууж буй монгол иргэдийг монголын ард түмний бахархалт түүх, гайхамшигт өв, соёлыг дэлхий дахинд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, суугаа орноосоо улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулахыг хүслээ.

Чуулга уулзалтад ГХЯ, БСШУСЯ, ҮХГ, НХХЯ, 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй монголчуудын холбоод, ТББ-ын төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хувийн хэвшлийн байгууллагууд зэрэг нийт 160 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.