НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 39 дүгээр чуулган 9 дүгээр сарын 10-ны өдөр Женев хотноо эхлэв. Тус чуулганд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганыг нээн НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссараар томилогдсон хатагтай Мишель Бачелет үг хэлж, анхны илтгэлээ танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ Хүний эрхийн Дээд комиссар асан н. Заид Раад Аль Хуссейнд эрх нь зөрчигдсөн хүмүүсийн дуу хоолой болж, хүний эрхийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, хүний салшгүй эрхийг нь хамгаалах, хөхиүлэн дэмжих, тэгш байдал, бүх нийтийг дээдлэн хүндэтгэхийн төлөө өөрийгөө бүрэн дайчилж ажиллахаа илэрхийлэв. Хатагтай М.Бачелет өмнө нь Чили Улсын Ерөнхийлөгч, “НҮБ-ын Эмэгтэйчүүд” байгууллагын даргаар ажиллаж байсан.
НҮБ-ын Хүний эрх болон цэвэр ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер энэ оны 4 дүгээр сард Монгол Улсад ажилласан тухай илтгэлээ чуулганы эхний хуралдаанд танилцуулсан бөгөөд Монгол Улсад ундны ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний хүртээмж хот-хөдөө, орон сууц-гэр хорооллын хүн амын хувьд харилцан адилгүй тул худгийн тоог нэмэгдүүлэх, гэр хороолол руу шугам сүлжээг өргөтгөх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд усны хүртээмжийг сайжруулах үүднээс төрөөс татаас олгох шаардлагатай байгаа талаар дүгнэлтэндээ дурдсан байна.
Манай төлөөлөгчид НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын Албатай хамтран ХЭЗ-ийн 39 дүгээр чуулганы хүрээнд 9 дүгээр сарын 14-ны өдөр “Дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх орон нутгийн шийдэл: Хүний эрх ба хөгжлийг урагшлуулахад иргэдийн оруулах хувь нэмэр, оролцоо” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, “Цэвэрч монгол” төслийн “Жорлонгоо өөрчилье” аяныг сурталчилан танилцуулахаар төлөвлөж байна.
Хүний эрхийн Зөвлөлийн 39 дүгээр чуулган энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.