Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохСАЙД Д.ЦОГТБААТАР ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭГИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ К.СОНОУРА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

САЙД Д.ЦОГТБААТАР ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭГИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ К.СОНОУРА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 28-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноура-г хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд амжилттай хэрэгжиж байгааг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улс нь “Улаанбаатарын  яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг өөрийн оронд зохион байгуулах зэргээр Зүүн хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж  буйд зөвлөх К.Соноура талархал илэрхийлэв.

Талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий түнш орнуудын хувьд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр ирснийг тэмдэглэв. Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” стратеги зэрэг Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдлын талаарх бодлогоо танилцуулж, цаашид ч Ази, Номхон далайн бүс нутаг дахь  олон талт хамтын ажиллагааны механизм, түүний дотор Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох манай улсын хүч чармайлтыг тууштай дэмжихээ нотлов.