Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицагийн Итгэмжлэх захидлыг энэ сарын 28-нд хүлээн авав.
Сайд Д.Цогтбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд ДЭМБ олон арван жилийн хугацаанд туслалцаа, дэмжлэг үзүүлж ирснийг цохон тэмдэглэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудын эрүүл мэндийн холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус байгууллагатай олон чиглэлээр хамтран ажиллах хэрэгцээ байгааг онцлов.
Сайд Д.Цогтбаатар, Суурин төлөөлөгч С.Диордица нар Монгол Улс – ДЭМБ-ын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн хамгаалалд бүх салбарын оролцоог хангах, эмч, эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож олон улсын жишиг стандартад хүргэх, өнөөгийн ажил, амьдралын хэв маягаас улбаалж хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй асуудлуудыг шийдвэрлэх, нийгмийн эрүүл мэндийн соёлыг хэвшүүлэх, эрүүл мэндийн салбарт дижитал болон зайн оношилгооны техник технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
Монгол Улс ДЭМБ-д 1962 онд элссэн ба 1971 оноос Улаанбаатар хотноо тус байгууллагаас Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байна. Сергей Диордица нь ОХУ-ын иргэн, вирус судлалын ухааны доктор бөгөөд манай улсад томилогдохын өмнө ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв, мөн Бангладеш, БНАСАУ, Этиоп зэрэг улсад ажиллаж байсан туршлагатай ажээ.