Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И УВС АЙМАГТ АЖИЛЛАВ

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И УВС АЙМАГТ АЖИЛЛАВ

Айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Увс аймагт ажиллаж, баруун бүсийн 5 аймгийн (Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай) удирдлагатай уулзаж санал солилцов.

Баруун бүсийн 5 аймгийн удирдлагын зүгээс хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх, хил залгаа бүс нутгийн худалдааг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулахыг хүсээд аялал жуучлал, боловсрол, дэд бүтэц, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Уулзалтын үеэр хоёр талын харилцааны хөгжилд хил залгаа аймаг, Өөртөө Засах Орны харилцаа чухал болохыг онцлоод хил залгаа аймаг, мужуудын хооронд EXPO үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж, тэдгээрт орон нутгийн аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулж байх саналыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэвшүүлснийг хятадын талаас нааштай хүлээн авахаа илэрхийлэв.

Баруун бүсийн аймгууд хятадын талтай хөгжүүлэх хамтын ажиллагааны асуудлуудыг үе шаттай хэлэлцэж байх үүднээс Монгол Улсын ГХЯ болон ШУӨЗО-ны АЗГ хоорондын хамтын ажиллагааны механизмыг сэргээж, энэ хүрээнд тогтмол ярилцаж байхаар талууд санал нэгдэв.

БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд, ШУӨЗО-ны Дэд тэргүүлэгч нар айлчлалын бүрэлдэхүүнд орж орон нутагт ажилласан нь монголын талаас дэвшүүлсэн санал, тулгамдаж байгаа асуудлуудад  хариулт өгөх, орон нутгийн түвшинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байв.

Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутгийн зүгээс тавьж буй асуудлуудыг шийдвэрлэх, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар монголын талтай санал нэг байгаагаа тэмдэглээд хоёр талын худалдааг эрчимжүүлэх, түүний дотор Монгол Улсын баруун бүсээс Хятад руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохыг дэмжихээ илэрхийлэв.

Баруун бүсийн 5 аймгийн орон нутгийн нийгмийн хөгжилд зориулан нийт 5 сая юанийн тусламж үзүүлэхээ амлав.

Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтүй тусламжаар баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явц, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэг дэх “Бүс ба Зам-зорчих нөхцлийг хөнгөвчлөх” санаачлагын хүрээнд байгуулсан тусгай гарцтай тус тус танилцаж, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд оролцлоо.