Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД БАРААЛХАВ

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД БАРААЛХАВ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжуудын талаар ярилцав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх талуудын дэвшүүлсэн худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг сайжруулах, Монголын экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн төслүүдийг урагшлуулах талаар хөндөж ярилцав.

Энэ оны 4 дүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай харилцан тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэхэд Төрийн зөвлөл болон ГХЯ-ны зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.

Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачилгатай харилцан уялдуулах Санамж бичгийн хамтарсан төлөвлөгөөг гаргаж, хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэн Монголын ард түмэнд үр ашгийг хүртээхийг онцлон тэмдэглэв.

Тэрээр энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд талуудын хүрсэн зарчмын тохиролцоог ажил хэрэг болгох зорилготой гэдгийг онцлоод хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.