Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн,  Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлахын ялдамд Ши Жиньпин даргын БНХАУ-д төрийн айлчлал хийхийг урьсан урилгыг дахин нотлов.

Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн 6 дугаар сард хоёр улсын төрийн тэргүүн нар анхны уулзалтаа хийж, хоёр талын харилцааны цаашдын чиглэлүүдийг тодорхойлж, олон чухал тохиролцоонд хүрснийг онцлов.

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг сайтар төлөвлөн зохион байгуулах, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах талаар дурдав. Тэрээр Монгол Улс газар нутаг өргөн уудам, байгалийн баялаг арвин ихтэй, хөгжлийн бүтээн байгуулалтын чухал үедээ байгааг онцлоод хятадын талтай хөдөө аж ахуй, мал аж ахуй, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И монголын талтай хамтран хоёр талын харилцааны ирээдүйн хөгжлийн зураглалыг төлөвлөх, “Бүс ба зам”-ын хүрээнд харилцан холбогдох дэд бүтцийг бэхжүүлж, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, хүмүүнлэгийн солилцоог урагшлуулах, Монгол, Хятад, Орос 3 талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.