Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСООР АЙЛЧЛАВ

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСООР АЙЛЧЛАВ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ оны 8 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж,  хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцон олон чухал тохиролцоонд хүрэв.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, харилцан итгэлцэл,  ойлголцлыг гүнзгийрүүлэх, 2019 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх, “Хөгжлийн зам” хөтөлбөр болон “Бүс ба зам” санаачлагыг харилцан уялдуулах хамтарсан төлөвлөгөө байгуулах, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлэв.

Түүнчлэн худалдааны бүтцийг сайжруулж, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, ингэхдээ уул уурхайн бус салбарын нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, баруун бүсийн махны экспортыг сэргээх болон эдийн засгийн коридорын хүрээнд тохиролцсон төслүүдийг урагшлуулах зэрэг асуудлыг онцолж ярив.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн элэгсэг, хүртээмжтэй зарчмаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох ирэх оныг боломж болгон Монгол, Хятадын харилцааг “хурдны галт тэргэнд суулгах” мэт түлхэц өгөх, хөгжлийг тасралтгүй үргэлжлүүлэх сонирхолтойгоо илэрхийлэв. Үүний тулд хоёр улсын шат шатны солилцоог нягтруулах, “Бүс ба зам”-ын хүрээнд хоёр талын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хилийн бүс нутгийн хамтын ажиллагааг түргэтгэх, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд талууд ЧХХ-ийг байгуулах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхээ албан ёсоор зарлав. Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, харилцан ойлголцсон, ажил хэрэгч уур амьсгалд болов.

Талууд баримт бичигт гарын үсэг зурав

Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай Засгийн газар хоорондын санамж бичиг, Гадаад харилцааны яамд хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тус тус гарын үсэг зурав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар баримт бичигт гарын үсэг зурсны дараа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.