Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ТУРК УЛСЫН ЭСЯ-НЫ ДИПЛОМАТ АЖИЛТНЫГ ДУУДАЖ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ТУРК УЛСЫН ЭСЯ-НЫ ДИПЛОМАТ АЖИЛТНЫГ ДУУДАЖ УУЛЗАВ

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны яам шуурхай арга хэмжээ авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотолж, уг асуудлаар Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв. Гадаад харилцааны сайд уг асуудлаар ярилцахад бэлэн байгаа болно.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай мөн утсаар ярихад дээрх байр суурийг нотолсон болно.

Дээрх асуудал тодорхой болтол Чингис хаан олон улсын нисэх буудалд буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг нисгэхгүй байх саналыг Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагуудад хүргүүлснээс гадна Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийг ГХЯ-нд байгуулаад байна.