Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Нью-Йорк хотноо ажиллах үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертэй энэ 7 дугаар сарын 18-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Улаанбаатар хотноо энэ 7 дугаар сарын эхээр зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх сайд нарын  хоёрдугаар бага хурлын дүнг Шадар сайд Ө.Энхтүвшин товч танилцуулж, Монгол Улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын тайлангаа НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2019 оны чуулга уулзалтаар танилцуулахаар төлөвлөж буйг мэдээллээ.

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер талархал илэрхийлээд, Шадар сайд Ө.Энхтүвшинг “Амьдралын төлөөх байгаль: Хүн ба дэлхийд хөрөнгө оруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, туршлагаасаа хуваалцахыг урив. Шадар сайд энэхүү хэлэлцүүлэгт Сенегал Улсын Байгаль орчны сайд, Египет Улсын Хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааны сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын хамт оролцлоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улс Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болох байгалийн арвин нөөц баялагтай, том зах зээлд ойр, ардчилал, зах зээлийг эрхэмлэсэн хуультай зэрэг олон давуу талтай ч эдгээрийг бүрэн ашиглаж чадахгүй байгаагаас үүдэн ядуурал, ажилгүйдэл, байгалийн доройтол, агаарын бохирдол, хот хөдөөгийн ялгаа, шилжилт хөдөлгөөн зэрэг олон сорилттой тулгарч байна. Манай улс сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт илүү анхаарал хандуулж байсан бол одоо эдийн засгийг солонгоруулах бодлого баримталж байна. Цөөн хүн амтай, газар нутаг өргөнтэй манай улсын хувьд байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байна. Тийм учраас бид байгалиа хамгаалах асуудлыг бүх нийтийн үйлс гэж үздэг. Энэ бол зөвхөн төрийн үүрэг биш, иргэд, төрийн бус байгууллага гээд бүх тал оролцох учиртай. Манай Засгийн газрын хувьд бүх сайд нарт байгаль хамгаалах чиг үүргийг олгосон, сайдын ажлыг дүгнэхдээ байгаль хамгаалах чиглэлээр хэрхэн ажилласныг дүгнэх ёстой гэж үзэж байгаа. Байгалийн нөөц бол хязгаарлагдмал учраас байгалийн баялгаа цаашид хэрхэн ашиглах талаар бодлого гарган хэрэгжүүлж байна” гэв.