Нью-Йорк хотноо болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2018 оны чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс, Армен, Коломби болон Швейцар Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Тогтвортой, гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоохын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 7 дугаар сарын 16-нд зохион байгуулав.
Энэхүү хэлэлцүүлэгт 100 гаруй төлөөлөгч оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудад “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн оруулж буй хувь нэмэр, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов. Хэлэлцүүлгийн үеэр “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх Азийн бүсийн танилцуулгыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийж, “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-6-нд болсон Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг танилцуулав.
Мөн хэлэлцүүлэгт “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх Төв Азийн бүсийн танилцуулгыг Армен Улсын Гадаад хэргийн сайд, Америкийн бүсийн танилцуулгыг Колумби Улсын Байнгын төлөөлөгчийн орлогч нар хийв.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй 7 дугаар сарын 17-нд уулзана.
Чуулга уулзалт үргэлжилж байна.