Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, ИЗРАИЛИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, ИЗРАИЛИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Израил Улсын Гадаад хэргийн яам хоорондын V Зөвлөлдөх уулзалт 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад манай талаас ГХЯ-ны АОДАГ-ын захирал Д.Гансүх, израилийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал Г.Кохэн нар тус тус тэргүүлэн оролцов.

Талууд Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааны ойрын зорилт, төлөвийн талаар ярилцав. Тухайлбал, Израилийн арвин туршлага бүхий хөдөө аж ахуй, хууль сахиулах, аюулгүй байдал, иргэний хамгаалалт зэрэг салбар, чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцож, монголын тал Израилийг “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуульд оролцохыг урив.

Мөн хоёр тал иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх хүрээнд Израилийн Засгийн газар, ГХЯ болон МАШАВ-ын шугамаарх солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр болж, монголын тал “Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Израил Улсын Засгийн газар хоорондын 2018-2021 оны хөтөлбөр”-ийн хариу төслөө айлын талд гардуулав.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Изралийн ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын дэд захирал Г.Кохэнийг хүлээн авч уулзаж, санал солилцов. Тэрбээр энэ онд тохиож буй Израил Улс байгуулагдсаны 70 жилийн ой, тус улсын Олон улсын хөгжлийн агентлаг (МАШАВ) байгуулагдсаны 60 жилийн ой тус тус тохиож буйд баяр хүргэв. Израилийн төлөөлөгдийн тэргүүн Монгол Улс нь хоёр болон олон талт хамтын ажиллагааны чиглэлээр ойр дотно хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, хамтын ажиллагааг уламбүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдэв.