Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссонг хүлээн авч уулзаж, тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсад зохион байгуулж буй сайд нарын бага хуралд НҮБ-ын Хүн амын сангаас ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлээд, НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд, нэн ялангуяа хүн амын хөгжил, нийгмийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын оролцоог дэмжих чиглэлээрх төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэв.
НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссон нийгмийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлэх, эх нялхсын эндэгдлийг бууруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд, 2017-2021 онд НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.