Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНАКОГИЙН ХАНТ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭД САЙД ИЗАБЕЛЬ РОЗАБРУНЕТТО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

МОНАКОГИЙН ХАНТ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭД САЙД ИЗАБЕЛЬ РОЗАБРУНЕТТО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол Улс, Монакогийн Хант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд Монакогийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд сайд хатагтай Изабель Розабрунетто Монгол Улсад 2018 оны 7 дугаар сарын 6-14-ний өдрүүдэд айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэд сайд И.Розабрунеттог өнөөдөр хүлээн авч уулзав. Талууд дипломат харилцаа тогтоосноос хойшхи арван жилийн хугацаанд Монгол, Монакогийн харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалах, археологи, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа  илэрхийлж, хамтын ажиллагааны хэтийн төлөв, цаашид өргөжүүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Монгол Улс Монакогийн хөгжлийн тусламжийн түнш орноор 2008 онд сонгогдсоноос хойш  соёлын өвийг хадгалж, хамгаалах, эрүүл мэнд, хоол тэжээлийн тэнцвэрт байдлыг сурталчилан таниулах, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүнсний ногооны тариалалтыг сайжруулах, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих зорилго бүхий олон чухал төсөл, хөтөлбөрийг тус улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлээд байна.

Монакогийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд сайд эдгээр төсөл, хөтөлбөрийн үр дүнтэй танилцахаар Архангай аймагт ажиллахын сацуу ХХААХҮЯ, БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ-ны удирдлага, НҮБ-ын Хүүхдийн сантай тус тус уулзалтууд хийх юм.