Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-6-нд зохиогдож буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй онцлох хоёр арга хэмжээний нэг болох “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай” онцлох хуралдааныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр удирдан явуулав.
Мьянмарын Холбооны Улсын Нийгмийн хамгаалал, суурьшлын сайд Вин Мят Эи, Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар хуралдааны эхэнд үг хэлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын ач холбогдлыг цохон тэмдэглэж, Азийн сайд нарын бага хурлын хүрээнд энэ сэдвээр тусгайлан арга хэмжээ зохион байгуулж байгааг сайшаав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зорилгоор хийж буй эрх зүйн шинэчлэлийн асуудлаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле хөдөө аж ахуйн салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөрөнгө оруулалтын асуудлаар танилцуулга хийв.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкны Гамшгийн эрсдэлийн мэргэжилтэн Шарлот Бенсон гамшигт тэсвэртэй нийгмийн төлөөх төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай танилцуулсан бол Энэтхэгийн “Тата групп” төрийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч Ажит Чаудри, Олон улсын усны менежментийн хүрээлэнгийн судлаач Жирираж Амарнат, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хэлтсийн дарга Ч.Оюунжаргал, “Хөдөө аж ахуйн дахин даатгал” компаний захирал Т.Оюунбат нар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр өөосдийн байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй санаачилга, төслийн талаар танилцуулав.
Онцлох хуралдаанд оролцогсод гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байгааг санал нэгтэй тэмдэглэж, гамшгийн эрсдэлийг даван туулахад чиглэсэн хөрөнгө оруулалт нь ард иргэдийн амь нас, амьжиргааг хамгаалахад чухал нөлөөтэй төдийгүй эдийн засаг, нийгмийн даван туулах чадавхийг нэмэгдүүлдэг талаар бизнесийн тодорхой төслүүдийг жишээлэн ярьж, санал, мэдлэг, мэдээллээ солилцов. Гамшгийн эрсдэлийн санхүүжилт, эрсдэлийн даатгалын талаарх бүс нутгийн улс орнуудын туршлагыг сонссон нь сонирхолтой болов.
Энэхүү Онцлох хуралдаанаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх арга замууд болох эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, сэргээн босголтын төлөвлөгөөнд тусгах зэрэг зөвлөмжийг бага хурлын төгсгөлийн баримт бичгийн ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтов.