Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛС БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 55 ЖИЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭВ

МОНГОЛ УЛС БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 55 ЖИЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭВ

Монгол Улс Бүгд Найрамдах Австри Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Вена хотын “Дэлхийн музей”-д хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Хүлээн авалтад Австри Улсын төрийн яамд, байгууллага, тус улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн болон Австри Улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл зэрэг 200 гаруй хүндэт зочин, төлөөлөгч оролцов.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ардын язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлаг уран бүтээлээ толилуулж, урлагийн тоглолт хийв. Мөн энэ өдөр Монгол киноны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан нь  Монгол өв соёлыг Австрийн олон нийт, 120 гаруй гадаад улсын ДТГ-ын төлөөлөл төдийгүй жил бүр 20 сая жуулчид хүлээн авдаг Вена хотын гадаадын зочдод сурталчилсан арга хэмжээ боллоо.

Монгол Улс Бүгд Найрамдах Австри Улстай 1963 оны 7 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн өрнөдийн хоёр дахь улс юм.

Вена хотын “Дэлхийн музей” нь дэлхийн улс, үндэстний соёлын эд өв бүхий 220 гаруй мянган үзмэртэй бөгөөд тус музейн сан хөмрөгт XIX зууны эхэн үеийн монголчуудын шашин болон ахуй соёлыг илэрхийлсэн эд өвийн цуглуулга хадгалагдаж байна.